Хэнтийн нуруу, Онон, Балжийн сав газрын аялгуу, дэг барилаар бусад буриадын нэгэн адил ‘Сэтгэлийн дуун’, ‘Наран гарах зүгт’, ‘Заян наваан’, ‘Эрвэгэр цоохорхон’, ‘Өлгийн дуу’, ‘Алтаргана’ зэрэг жижиг хэлбэрийн уртын дуу хадгалагджээ.
Уг төрлийн аялгуу, дэг барил нь өдөр өдрөөр хумигдаж байгаа бөгөөд ижил төрлөөр нь сэлбэн сэргээхэд анхаарууштай билээ. Хэнтий чигийн буриад аялгуу нь дуучны хоолойн дунд чалхад уян зөөлөн бөгөөд боржигины эд эстэй төстэй төвөнх хоолойн хөнгөн боловч цөөн үет цохилго чимэглэлийг хадгалжээ. Дэг барилын хувьд гэгэлзүүлэх болон тагнайшуулах, бөнжөгнүүлэх ур чадвар дуучдынх нь илэрхийллээс мэдэгддэг. Энэ төрлийн аялгуу, дэг барилыг залуу үеийнхэн нь залгамжлан авч сэргээн хөгжүүлэх идэвхи санаачлага хангалттай бус байдаг.