Баяд уртын дууны аялгууны бүтэц, дуулах донж маяг, дуучдын дуулах хоолойн чичиргээ, нугалаа, хугалаа, амьсгалын зохицуулалт зэргээс үүдэн Монгол уртын дууны хөгжиж буй хувьсал-хөдөлгөөнт хэлбэр бөгөөд залгамж чанар нь алдагдсан нэн яаралтай хамгаалах төрөл мөн. Өв тээгчдийн дурсамжаас үзэхэд лавтайяа XX зуун гэхэд Баяд дуучдын урын санд халх дуу түгээмэл нэвтэрсэн нь баяд дууг дуулах ур дүйд нөлөөлснөөр баядууд угсаатны онцлогоо харуулсан айзам, шасдир дуугаа дуулахдаа аялгууг тэлэн өргөсгөх, чимэглэн урлах эрмэлзэлтэй болсон гэж үзэж болно.