Мянгад уртын дууны урын сан нь халх, ойрад холимог боловч байгаль, ахуйн зан үйл, бэлгэдэлт дуунууд нь ойрад монголын бусад овог удмынхантайгаа төслөг юм. Түүнчлэн, тэд өөрсдийн онцлогтой орон нутгийн дууны багагүй өвтэй байсан ч ихэнх нь мартагдан дурсамж төдий үлджээ. Өөрсдийнх нь онцлогийг хадгалсан уртын дууг сонсвол халх уртын дуу дуулах барил дэг, ойрад уртын дууны аялгууны богиновтор шинж ажиглагдах болно.