Өөлдийн зан үйл, бэлгэдэл нь дөрвөд, урианхайтай илүү дөхөм бөгөөд өөлдийн уртын дууны аялгууны бүтцэд баядын айдам дууны өнгө, аяс, аялга-эгшиг томолт бүдэгхэн ч гэсэн мэдэгдэж байгаа нь сонирхолтой. Гэхдээ өөлдүүдийн уртын дууг дуулах ур дүй нэлээд хөгжсөн хэлбэрээр уламжлагдсан бөгөөд Булган голын сав дагуу эртнээс нутагласан торгуудуудын уртын дуутай төстэй дуулах ур дүй, арга-технологид хүрчээ. Эгшиг авиа томох, аялгууг чимэглэх, шуранхайлах зэрэг өргөн боломж өөлд уртын дууны аялгуунд нээгдсэний зэрэгцээ өөрийн гэсэн дан шуранхайг боловсруулан хөгжүүлжээ.