ОЙРАД УРТЫН ДУУНЫ БҮЛЭГ

Монгол уртын дууны энэ бүлэгт хуучин Дөрвөд далай хан орчмын нутаг дэвсгэрт буюу Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгорын ай сав, нутаг бэлчээрээр сэлгэн нутагладаг баяд, дөрвөд, захчин, урианхай, өөлд, торгууд, мянгад, хотон нарын айдам, шасдир уртын дууны өв багтана. Энэ нь ойрад монгол уртын дууны бүлгийн үндсэн хэсэг юм. Үүний дээр нэмээд Хятад улсын Ховог сайр, Бор талын торгууд, Хөх нуурын хошууд; Орос улсын Ижил мөрний халимаг нарт ойрад уртын дуу хэсэг бөлгөөр уламжлагджээ. Бас Өвөр монголын Алшаа аймгийн торгууд, хошууд нарт ч ойрад уртын дууны өв хадгалагдаж байна.

            Ойрадууд уртын дуугаа бусад монголчуудын нэгэн адил айдам (айзам), шасдир гэж үндсэн хоёр төрөлд хуваан авч үздэг уламжлалтай. Айдам уртын дууны төрөлд "13 шарга", "13 хээр", "13 бор" г.м өвөг монголчуудын бөө мөргөлийн үзэл онол, байгаль шүтлэгийн бэлгэдлийг хадгалсан урын сан зонхилно. Шасдир уртын дууны төрөлд буддын шашны гүн ухаан, сургааль, бишрэл, ая дангийн аяга дуудлага хадгалагджээ. Ойрад монголчууд шасдир уртын дуу дуулдаг дуучнаа "Хурлаа дуучин" гэж нэрлэдэг уламжлалтай.

            Ойрад уртын дууны бүлэг дэх дөрвөд уртын дуу дотор монголчуудын тэнгэр шүтлэгтэй холбоотой "Задын дуу" хэмээх төрөл хадгалагдаж байна. Энэ төрөл халх уртын дууны бүлэг дотор ч түгээмэл уламжлагдсан нь мэдэгддэг. Ойрад монголчууд энэ төрлийн дууг шууд "Задын дуу" гэж нэрлэж байхад халхчууд "Хурын дуу", "Лусын дуу", "Салхины дуу" гэж нэрлэдэг билээ. Дөрвөдүүд задын дуунд "Иш гарьдын хур" дууг тооцож байхад, халхчууд хур, лус, салхины дуундаа "Уяхан замуу тивийн нар", "Хүдрэн гарах үүл", "Сэнсийн цагаан үүл", "Өргөн үүл", "Өндөр сайхан бор", "Тэнгэрийн агаар", Хуур магнай" зэрэг цөөнгүй дууг нэрлэн хадгалж байна.

            Ойрад монгол бүлгийн уртын дууны аялгуу, дуулах дэг барил, арга техникийн хамгийн боловсронгуй хэмжээнд хүрсэн нь өөлд, мянгад хоёр юм. Үүний дараа торгууд доторхи хошууд овгийн айдам дуу, захчин, баяд нарын айдам дуу чамгүй хөгжин боловсорсон болох нь мэдэгддэг. Ойрад чигийн уртын дууны зарим хэсэг нь халх уртын дууны нөлөөг тусгажээ. Тухайлбал, зан үйлийн уртын дууны төрөл дотор нь түрлэгийн соёл өргөн уламжлагдсан байна. Харин маш эртний чонын улилдаан, бугын урамдаан г.м байгалийг даган дуурайсан уриа дуудлагаа илүүтэй хадгалж үлдсэн нь дөрвөд, урианхай нарын зан үйлийн уртын дуу билээ. Тиймээс дөрвөд нарт задын дуу байдаг бол урианхай нарт цагаан мод хаях буюу бух догиох  ёсонд дуулдаг "Нарийн саарал морь" гэдэг уртын дуу хүртэл байдаг юм.

            Мөн ойрад монгол уртын дууны бүлэг дотор дээрх мэт өвөрмөц төрлүүд хадгалагдсанаас гадна уртын дууны үүсэл, хөгжилтэй холбоотой аман бэсрэг домгууд үлджээ. Жишээ нь, торгууд нарт "монгол хүн уртын дуу дуулж байхыг холуур явж байсан хятад хүн сонсоод өөрийн "өү-оо" гэх дуутай болжээ", "Янжинлхам бурхан эргээд явсан нутагт уртын дуучин төрдөг", "Янжинлхам бурханд ивээгдсэн хүн сайн уртын дуучин болдог"; дөрвөдүүд дотор "уртын дуу дөрвөдийн нутагт хоноод баядын нураг руу явсан. Дөрвөд нутагт хоноод явсаны дараа олон сайн уртын дуучид, олон сайхан уртын дуу төрсөн"; баядууд "Хөх булаг, Цагаан булгийн аманд уртын дуу үдлээд явсан. Түүний дараа олон сайн дуучин, дуу төрсөн" г.м аман домог өнөө хүртэл хадгалагдаж байна.

© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.

Please publish modules in offcanvas position.