ДЭЭД МОНГОЛ АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Дээд монгол аялгуу, дэг барил:

Монгол уртын дууны энэ төрөл нь Хятад улсын Хөх нуур мужийн хошууд монголчуудад уламжлагджээ. Нэг үгээр хэлбэл дээд монгол аялгуу, дэг барил нь ойрад бүлгийн салбар юм.

Дээд монголчууд уртын дууны арвин өв сантай. Тодруулбал, тэд бусад монголчуудын адил "Төрийн 5 дуу", "Шажнаан дуу" (шасдир), "Найрын дуу" (айдам),  "Нутаг ус, мал сүргийн дуу" (аж байдал-цээрийн дуу) гэсэн тус тусын үйл хэрэг, аж байдалтай уялдсан уртын дууны төрлүүдтэй болой.

Үүнээс гадна сайн сайхны бэлгэдэлт зан үйлийн орчинд, аав ээж, ахмад настны дэргэд дуулахыг цээрлэдэг “Лали дуу” буюу янагийн дуу (богино дуу)-ны өв сан арвинтай. Тэрхүү лали дуу нь Түвэд чигийн ардын дуутай ихээхэн төслөг аялгуутай тул уртын дууны өвд үл хамаарна.

  1. Дээд монголчуудын төрийн дуунд “Тэнгэртэй адил”, “Эзэн хааны дэргэд”, “Өргөн их дэлхий”, “Тэнгэр хүмүүн”, “Тэнгэрийн наагуур татсан” гэдэг 5 уртын дуу багтаж байна. Тэд төрийн таван дууныхаа аль нэгийг бүрэн дуулж өндөрлөхдөө зонхилон “Төр түвшин болтхай” гэдэг үгтэй түрлэгээр жаргааж байна.
  2. Шажнаан дуу буюу бусад монголчуудад түгээмэл дэлгэрсэн шасдир уртын дуунд “Наян эхт мөрөн”, “Зуны гурван сар”, “Ачит дээд богд”, “Хөлгөнд нь зохисон” г.м цөөнгүй дуу байна. Дээд монголчууд шажнаан дуугаа бүрэн эхээр нь дуулж өндөрлөхдөө зонхилон “Шажин ном бүрэн болтхай” гэдэг үгтэй түрлэг өргөн жаргаадаг болой.
  3. Тэдний хурим, өрвөгэй (өрвөлөг, даахи, сэвлэгэ) үргээх зан үйлийн орчинд дуулдаг уртын дууныхаа өвийг айдам дуу буюу "Найрын дуу" гэж нэрлэдэг болжээ. Энэ төрөл нь дээд монголчуудын аж байдлын өргөн хүрээг хамарсан хайр энэрлийн агуулгатай, уянгалаг, уужим дэлгэр аялгуутай, зарим нь “дан шуранхай”-тай уртын дуу байна.  Тэдний найрын дуунд “Баян нарийдын эхэн”, “Мандан хангайн эхэн”, “Үүлийн өнгөт улаан”, “Баян хангайн эхэн”, “Хөх сөлийн унага”, “Унаган бага хээр”, “Цагаан тангийн (түнгийн) туулай”, “Ар хангайн шил” зэрэг олон арван уртын дуу байгтдаг. Хуримын өглөө охиноо хүнд өгч “бэр мордуулах” ёсондоо “Бүрэлзэнгийн шил” гэдэг уртын дууг дуулдаг. Найрын жаргаа дуунд “Хөхөө шувуу”-г дуулж байна. Бэр мордуулах ёс болон найр жаргаадаг дээрх хоёр уртын дууны аялгуу нь үндсэндээ адилхан юм.  Дээд монголчууд найрын дуугаа бүрэн гүйцэд дуулж жаргаахдаа “Айдам заяа зэх вэ зээ Ашдын амар болтхай” гэсэн үгтэй түрлэгээр түрдэг болой.
  4. Дээд монголчуудын нутаг ус, мал сүргийн дуу буюу цээрлэх ёсны уртын дуугаа морин дэл дээр, хөдөө хээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа голлон дуулдаг юм. Энэ төрлийн уртын дуунуудад уул ус, мал сүргээ магтсан агуулга байх бөгөөд янаг амрагаа санасан, гансарч гунихарсан өнгө аяс өргөн тусчээ. Жишээлбэл, нийтлэг мэддэг “Хүрэн толгойн сүүдэр”, “Эрдэнэ засгийн унага”, “Нарийн сайхан хээр”, “Торой банди”, “Жаахан шарга”, "Шалзат баахан шарга" г.м зан үйлд дуулахыг цээрлэдэг уртын дуунуудтай төстэй утга агуулга бүхий олон арван дуу өвлөгджээ. Нутаг ус, мал сүргийн буюу аж байдлын шинж зонхилсон цээрийн дуунд түрлэг байдаггүй билээ. Энэ нь монголчуудын уртын дууны соёлын нэг өвөрмөц тэмдэг юм.

            Дээд монголчуудад 1940-өөд оны орчим "Өнчин цагаан ботго" гэдэг уртын дуу, бас ийм нэртэй икэл хуурын татлага байжээ. Уртын дууны дээд монгол аялгуу, дэг барилаас залуу үеийнхэн нь идэвхитэй суралцаж байна. Тэдний голлох уртын дуучид нь алдарт дуучин Жинхуар, Говь, Довчин, залуу дуучин Урандаа нар билээ.

            Уртын дууны дээд монгол аялгуу нь Гималай нурууны бүсэд байгаа учир Монгол Алтай нуруу дэх ойрад, мөн хотгойд, дархад нарын гэгэлгэн уртын дуутай төслөг бүтэц, зохиомжтой юм. Тиймээс дуулах дэг барил нь голдуу дуучны хоолойн дээд чалхад давхиулах, сөхөх, цоройх, цайруулах, буулт хийх, дан шуранхайлах, шуранхайг шавхах г.м монгол уртын дууны сонгодог ур чадвар, арга техникийг илэрхийдэг юм. Дээрх ур чадваруудыг эзэмшиж чадваас уртын дууны дээд монгол аялгуу, дэг барилыг эзэмших үүд нээгдэх болой. 

00:00

Stopped

Хөх нуур мужийн малчин, уртын дуучин Говь
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.

Please publish modules in offcanvas position.