ТӨВ ХАЛХ АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

            Уртын дууны энэ төрөлд хуучин халхын Цэцэн хан аймаг буюу өнөөгийн Хэнтий аймгийн Биндэр сумаас урагшаа Баянмөнх, Баянхутаг, Галшар; Дорнод аймгийн Матад, Халхын гол; Сүхаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ зэрэг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг байжээ.  Нэг үгээр хэлбэл, Хэрлэн, Онон, Халхын голын сав газарт нутаглаж байсан боржигин, хөхүйд, хатагин, мэргэд, урианхай, хүрээ, хороо, цоохор г.м өнөөгийн халхчуудын өвөг дээдсийн нэг хэсгийн уртын дууны өв аж. Уртын дууны энэхүү өв нь лавтай 19-20-р зууны эхэн үед "Төв халх аялгуу" (Ж.Дорждагвын тодорхойлолт) гэсэн нэр зүүсэн байжээ. Төв халх аялгуу нь дотроо Хурх-Биндэр дэг, Хар-Дэл дэг, Халхын гол дэг гэсэн үндсэн гурван зүйлээс бүрдэж байв. Төв халх аялгууны нэрт төлөөлөгчид гэвэл, одоогоор мэдэгдэж байгаагаар То Ванийн Их амт хэмээх Жүрмэд (1877-1942), Шүхэрийн Дамба (1846-1924) нар болно. Тэдний олон шавь нар нь 1921 оноос 1950-иод оны хугацаанд уг дэг сургуулийг орчин цагийн монголын тайзны урлагийн орчинд алгуурханаар шилжүүлэн гаргаж иржээ. Энэ түүхэн үйл явдалд улс төрийн бодлого, зохион байгуулалтын талаас А.Амар (1886-1941), шинжлэх ухааны үндэслэлийн талаас М.Дугаржав (1893-1946) нар онцгой үүрэг гүйцэтгэжээ. Төв халх аялгуу, түүнийг дуулах дэг барилиас ингэж тайзны орчинд шилсэн нь өнөөгийн тэнхмийн буюу мэргэжлийн сургалтын үндснийг тавьжээ. Гэвч мэргэжлийн сургалтын үндсийг бүрдүүлэхэд төв халх аялгуу, дэг сургууль дангаараа оролцсонгүй, баруун аймаг, баянбараат, боржигин чигийн уртын дууны дэг сургууль, урын сангаас ч нөлөөлжээ.

            Төв халх аялгуугаар өнөөдөр бид "Эртний сайхан", "Түмний эх", "Цэвцгэр хурдан шарга", "Хуур магнай", "Хэрлэнгийн бараа", "Их замбуу тивийн нар", "Өвгөн шувуу хоёр", "Уртын сайхан хүрэн", "Хоёр бор", "Бор тойрмийн бялзуухай" г.м олон дууг дуулдаг боловч уг язгуураасаа нэлээд холдсон шинжтэй байна. Учир нь алдарт уртын дуучин М.Дугаржав, Ж.Дорждагва, С.Дамчаа, С.Гончиг, Пунцаг нарын дуулж үлдээсэн олон дуунаас төв халх уртын дууны жинхэнэ төрх намба, арга барил сонсогдож байна.

             Энэ аялгуу, дэг сургууль нь нийт монгол туургатны уртын дууны аялгууны бүтэц зохиомж, дуулах дэг барилын хувьд хамгийн дээд түвшинд хүртэл хөгжсөн байж. Тодруулбал, далайлттай дан, давхар шуранхайлах, шуранхайг эгээх, шавхах; ил болон нууц амьсгаа авах, тойролт хийх, тойролтыг залгах, цоройх, давхиулах, цөмрөх, шигжих, шигтгэх, хатгах, хутгах, огло харайх, ширгээх, хэнхийлгэх, ханхайлгах, дунируулах, дүнхийлгэх г.м маш олон онцгой ур чадварыг төв халхын дэг сургууль , арга техник илэрхийлдэг билээ.

00:00

Stopped

Магсар хурцын Дугаржав - одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.