БОРЖИГИН АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Энэ төрөл нь хуучин халхын Цэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошууны нутаг дэвсгэрийг хамарч байна. Өнөөгийн Хэнтий аймгийн Дархан сумын урд хэсгээс урагшаа Дорноговь аймгийн баруун, баруун хойт нутаг; Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, түүнээс урагшаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Сайнцагаан, Баянжаргалан, Дэрэн сумын зүүн нутгаар боржигин аялгуу, дэг сургууль тархсан байна.             Боржигин уртын дууны нэрт төлөөлөгчид одоогоор мэдэгдэж байгаагаар Р.Рэдэн (1872-1914) зэрэг онцгой дуучидтай байжээ. Боржигин аялгуу, дэг сургууль нь бусад төрлөөсөө гоёмсог гэж үзсээр иржээ. Жишээ нь, нэрт эрдэмтэн Б.Ринчин абугаас "Боржигин дуу юуны учир ийм уран ганган байна вэ? гэж асуухад: "Эртний монголын хаад ноёдын ордонд дуулж байсан болохоор ийм байгаа юм" гэж хариулсан гэдэг. Боржигин дуунд эртний өндөр хөгжилтэй хааны ордны соёлын нөлөө байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талаас боржигин уртын дууны тархсан нутаг нь хээрийн бор толгод, талын бэлчээр, говийн зэрэглээт орчин билээ. Боржигин дууг дуулахад ч, сонсоход ч байгалийн дээрх онцлог уран сайхан, гоо зүйт шинж илэрхийлэгдэж байдаг.

            Боржигин аялгуу, дэг сургууль нь төв халхын адил өнөөгийн мэргэжлийн уртын дууны тэнхмийн сургалтанд нөлөөлжээ. Боржигин аялгуураар дуулсан ойрхи үеийн төлөөлөгчид нь алдарт дуучин Үүлэн Зэвэгээгээс авахуулаад Т.Цэнджав, Ш.Өлзийбат, Жамъян, Ч.Шинэбаяр, Г.Мөнх-Очир, З.Жинчиндамдинсүрэн г.м олон өв залгамжлагч нар мөн билээ. Тэдний дуулсан "Уяхан замбуу тивийн нар", "Урьхан хонгор салхи", "Жаргалтайн дэлгэр", Эр бор харцага", "Зуны маань", "Дөмөн", "Хэрлэнгийн бараа", "Ар хөвчийн унага", "Энх мэндийн баяр" зэрэг олон дуу түгэн дэлгэрсээр иржээ.

            Боржигин дуучдын дуулах арга техникээсс төвөнх хоолойн жиргээ цохилго, дан, давхар шуранхайлах, гэгэлзүүлэх, огдолзуулах, бөнжөгнүүлэх г.м уран сайхан, гоо зүйн өндөр түвшний ур чадвар илэрдэг болой. 

00:00

Stopped

Хэнтий аймгийн Дархан сумын малчин, дуучин З.Жинчиндамдинсүрэн
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.