БАРУУН АЙМГИЙН АЯЛГУУ, ДЭГ СУРГУУЛЬ

Халх уртын дууны ай савын хамгийн өргөн тархалттай бүлэг. Энэ төрөл нь хуучин халхын Сайн ноён хан, Засагт хан аймгийн бүхэл нутаг дэвсгэр; Түшээт хан аймгийн өмнөд нутгийг хамардаг байжээ. Түүхийн урт хугацааны явцад Хангайн нуруу бүхлээрээ, Монгол Алтайн нурууны Жаргалант хайрханаас Гурван сайхны нуруу болон Хөвсгөл нуурын өмнө биеэс урагшаа асар өргөн уудам нутагт баруун аймгийн аялгуу, дэг барил тархжээ. Нэг үгээр хэлбэл, Ховд аймгийн Дарви, Цэцэг, Чандмань, Увс аймгийн Завхан, Өндөрхангай, Цагаан хайрхан, Зүүнхангай сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул; Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт (ачитын аялгуу гэх дэд бүлэг), Өмнөговь аймгийн Ханбогд (Говь Хянганы аялгуу гэх дэд бүлэг) хүртэл баруун аймгийн аялгуу, дэг сургууль, урын сан тархжээ.

            Тиймээс баруун аймгийн аялгуу, дэг сурууль нь өнөөгийн халхчуудын өвөг дээдэс болох боржигин, бэсүд, олхонууд, сартуул, хэрэгүд (хиргис), харчин, хорчин, элжигин, тангуд, урианхай, жалайр, горлос, хотгойд г.м олон овог удмын уртын дууны нийтлэг өв сан юм. Монгол уртын дууны баруун аймгийн аялгуу, дэг сургуулийн олон арван төлөөлөгчид байснаас эрт цагт Г.Поврон , цоор Цэгмэд, онгой Адъяа, хотгойдын төрийн дуучин "Замба тив"-ийн Магсараас өгсүүлээд маш олон гарамгай дуучдыг дурдаж болох ажээ. Баруун аймгийн аялгуу, дэг сургууль нь Ж.Дорждагва, Нацаг зэрэг авъяас мэдрэмж өндөртэй олон уртын дуучнаар дамжин өнөөгийн тэнхмийн сургалтын тогтолцоонд нөлөөлжээ. Улмаар С.Цоодол, Нямлхагва, Лхамжав, Долгоржав г.м олон уртын дуучид баруун аймгийн уг шагтай тайзны барилаар монгол уртын дууг сурталчилж, дараа дараачийн үед залгамжлуулжээ.

            Баруун аймгийн аялгуу нь өндөр уулс, тал хээр, говь нутгийн гоо үзэсгэлэн, дүр төрхийг илэрхийлэхийн сацуу угтаж шуранхайлах, нам шуранхайлахаас өгсүүлээд дан, давхар шуранхай, боржигины адил хугалах, нугалах, бөнжөгнүүлэх г.м гоо зүй, уран сайхны өргөн агууламжтай билээ. Баруун аймгийн аялгуу, дуулах дэг барил нь төв халх, боржигин, баянбарааттай харьцуулбал харьцангуй дундад эртний хэлбэр хийж, ур дүйгээ хадгалсан учир ХХ зууны эхэн дунд үеийн судлаач, дуучдад цулгуйдуу аялгуутай, сэтгэл маажиж, гүн сэтгэгдэл төрүүлэх нь бага санагддаг байжээ. Тиймээс "Дууны олон нь баруун талдаа, сайхан нь зүүн талдаа" гэсэн аман хэлц үүсчээ.

            Энэ төрлийн аялгуугаар "Түмний эх", "Дуртмал сайхан", "Төр Хуур магнай", "Асарын өндөр", "Тэгш таван хүсэл", "Алиа саарал", "Ар хөвчийн унага", "Хоёр бор", "Тэнгэрийн агаар", "Эрдэн засгийн унага", "Хүрэн толгойн сүүдэр", "Зээргэнэтийн шил", "Олом нь үгүй далай" г.м олон зуун уртын дууг өнөөгийн бид дуулж, сонсож байна.

00:00

Stopped

Архангай аймгийн Чулуут сумын малчин, өндөр настан Д.Гойдод
  • ХОЁР ХАНГАЙ НУТАГ
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.