ХӨЛӨНБУЙРЫН АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Уртын дууны уг төрөлд барга буриад нарын уламжлалт уртын дууны өв зонхилж байна. Барга нар айдон дууны уламжлал арвинтай ажээ. Тэд "Алтан гургалтай", "Алтай хангайн даваа", "Урт сайхан улаан" ("Уртын сайхан хүрэн"-ий барга хувилбар), "Хянган голын бялзуухай" болон "Мөнтгөр саарал", "Нарийнхан халиун" ("Хөөрхөн халиун"-ы барга хувилбар, уг эх), "Хан уул", "Алтай хангай", "Соёг бор" ("Саяг бор"-ын барга хувилбар), "Алтан богдын шил", "Оонын хоёр эвэр" ("Цомбон туурайтай хүрэн"-ий барга хувилбар), "Эрдэнэ уулын бараа" зэрэг олон уртын дуугаа барга аялгуу, дэг барилаар хадгалжээ.

            Барга аялгуу, дэг барилын төлөөлөгчдөөс дурдвал Дугарсүрэн, Дариймаа, Алмас, Урансайхан, Дугарсүрэн зэрэг уртын дуу өвлөн залгамжлагч олон хүний нэрийг хэлж болно.

            Барга уртын дууны аялгуу хураангуйлсан шинжтэй, дуулаг дэг барил, арга техник нь хоолойн намжуу дунд чалхад тэгшхэндүү бөгөөд уянгалаг, төвөнх хоолойн жижигхэн цөөхөн цохилготой юм. Ерөнхийдөө барга, буриад уртын дууны аялгуу, дуулах дэг барил нь ойролцоо боловч барга нарын уртын дуу дуулах ур чадвар өндөр хэмжээнд хөгжсөнийг сонсоод мэдэж болох билээ. 

            Буриадууд "Хянган голын бялзуухай", "Өдтэй дэлтэй жигүүртэн", "Заян наваа", "Хэрээтэй хээр" зэрэг олон уртын дууны өв сантай билээ. Тэд эрт цагт зан үйлийн уртын дуугаа айдон, шасдир дуу гэж нэрлэдэг байжээ.  Гэвч тэдэнд "ууцын дуу", "бэхэлгээн дуу", "ниргэлээ дуу" гэсэн төрөл зүйл залгамжлагджээ.    

            Буриад аялгуу, дэг барилын төлөөлөгчдөөс дурдвал Батмөнх, Хандмаа, Цэрэн, Намжилмаа, Должин г.м олон уртын дуучин өндөр настнуудыг хэлж болох билээ. Тэдний уртын дууны аялгуу баргатай төстэй, дуулах барил нь төвөнх хоолойн цохилт цөөхөнтэй юм.

            Буриад нарын уртын дуу түүхийн явцад ихээхэн бүдгэрсэн ч залуу хойч үед нь ахмад настнуудаасаа идэвхитэй суралцаж байна. Барга, буриад нарын уртын дуунд халхын олхонууд, боржигины аялга дуудлага, цохилготой төстэй үзэгдэл илэрдэг нь тэдний маш эртний түүхэн уялдаа холбоотой биз ээ.

00:00

Stopped

Шинэхэн барга хошууны малчин, дуучин Урансайхан
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.