ТУВА АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Тува аялгуу, дэг барил нь зүүн өмнөд Сибирийн Саяны нуруу, Тагна уул, Тэсийн голын сав газарт уламжлагджээ. Тэдний айраг, нэрмэлийн соёл, наадам, цагаан сар, хурим, бэр гуйх, хүүхдийн сэвлэг үргээх, эсгий тавих, ууц тавих ёс дагасан аялгуу, дэг барил нь бүдгэрсээр байна. Мөн малын уриа дуудлага буюу уртын дууны аялгуу, дэг барилынх нь гол эх сурвалж ч мартагдах эрсдэлд шилжжээ. Тува нарт бусад монголчуудын адил айзам, шасдир уртын дууны өв байсан нь тэдний архивийн сан хөмрөгт үлджээ. Тодруулбал, "Зэргэнэтийн шил" (айзам дуу), "Олом нь үгүй далай" (шасдир дуу) байсан нь мэдэгдсэн. Гэвч эдгээр уртын дуунууд 1970-аад оны үед урт бус богино аялгуу, дэг барилтай болж, улмаар мартагджээ. Одоо тэдэнд монгол аялгуу, дэг барилтай, тува-түрэг хэлээр дуулдаг уртын дууны өв сан хадгалагдаж байна. Түүний онцгой төлөөлөгч нь ардарт хөөмэйч, уртын дуучин Гошгондой мөн билээ. Тэрээр "Андаасаа салахуй бэрх" хэмээх тува-монгол уртын дууг дуулж байна. Аялгуу нь ойрад бүлгийн баяд салбартай тун төстэй бөгөөд гурван тойрог (тухайлбар) аяас бүтжээ. Дуулах дэг, барил нь уртын дууны бусад төрлийн адил төвөнх хоолойн хүчирхэг цохилт, дан шуранхайтай байгааг сонсож болно. ХХ зууны эхэн дунд үед тува-монгол уртын дуу дуулдаг настайчууд цөөнгүй байжээ. Харин монгол уртын дууны энэ төрлийг залгамжлах залуу үеийнхэн ховордсоор байна.
00:00

Stopped

И.Гошгондой
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.