Уртын дуучин, уртын дуу судлаач М.Дорждагва

Image

Судлаачийн үг

Монгол уртын дуу нь нэн эртний уг гарвалтай учир  Азийн өргөн уудам нутагт тархсан монгол угсаатны бүлэг бүрт олон төрөл зүйлээр хадгалагджээ. Уртын дуу монголчуудын өдөр тутмын аж ахуй амьдралаас өгсүүлээд төрт ёс, шашин шүтлэг, зан үйл хүртэл асар өргөн цар хүрээнд хэрэглэгдсээр иржээ.  Тиймээс уртын дуу нь:

            -Төрийн дуу;

            -Айзам дуу (айзан, айдам, айдон);

            -Шасдир дуу (үйзэн);

            -Гүр дуу;

            -Цоор дуу;

            -Аж байдлын дуу (бэсрэг, шавшаа, гэгэлгэн) гэсэн ерөнхий төрлүүдэд хуваагдан хөгжиж, өнөө үед уламжлагдсныг монгол туургатны хэмжээнд бодитоор харж болно.      Монгол уртын дуу: Монгол Улсын нутаг дэвсгэр бүхлээрээ; ОХУ-ын Буриад, Халимаг, Тува; БНХАУ-ын Өвөр монголын ихэнх нутаг, Шинжианы Ховог Сайр, Бор талын торгууд монголчууд, Цинхай буюу Хөх нуурын дээд монголчууд, Цастын монголчуудад их, бага хэмжээгээр тархан хадгалагдсан нь улам бодитой болсоор байна. Үүнийг тархацаар нь авч үзвэл Их газар (Азиевро тив)-ын асар өргөн уудам нутагт монгол уртын дуу амьдарч байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

            Монгол уртын дуу Хүн төрөлхтөний төлөөлөх чанартай соёлын өв болж баталгаажсаны үнэ цэнэ, ач холбогдол нь гэвэл, нэгдүгээрт: уртын дуунд хүмүүний аж амьдрал, сав шим ертөнц, байгаль дэлхийн зүй тогтлыг ухааран танисан олон мянган жилийн туршлага, байгалийг хүндэтгэн харьцах замаар хүн-байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах арвин мэдлэг агуулагдаж байна. Хоёрдугаарт: хүний бие сэтгэл, оюун санааны цар хүрээ, дуу хоолойн ур чадварын өвөрмөц арга барил, өгүүлэхүйн эрхтэний нөөцийн өргөн боломжийг нээснээрээ; гуравдугаарт: ард түмний амар амгалан амьдрал, эв найрамдалтай оршин байхын сүлд дуулал болдгоороо онцгой содон, олон төрлийн үр өгөөжтэй урлаг болой.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, уртын дуу судлаач, уртын дуучин М.Дорждагва

© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.