ДАРХАД АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Монгол уртын дууны энэ төрөл нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын нутагт уламжлагджээ. Дархад аялгуу, дэг барил хумигдаг бүдгэрч байгаа нь судалгааны явцад мэдэгдэв. Монгол уртын дууны дархад аялгуу, дэг барил нь дотроо бага зэрэг ялгаатай байна. Тодруулбал, Баянзүрх орчмын дархад дуу хотгойдын гэгэлгэн дуутай төслөг аялгуутай юм. Харин Улаан-Уулын аялгуу нь бие даасан шинжтэй байхад Ренчинлхүмбэ орчмынхоос цаатаны уриа дууны илүү богиновтор хэв шинж илэрч байна.

            Баянзүрх орчмын дархад уртын дууны гол төлөөлөгч нь Хүүдгэй овгийн Лувсангийн Хөхчулуу юм. Тэрээр “Далийн цэцэг”, “Нэрэгтэй хүрэн тайга”, “Багаан хоолой”, “Агарын тэртээ нутаг”, “Талбай шаргын тал” зэрэг дуунуудыг дуулж байна. Түүний хүүхэд байхад настан буурлууд нь “Замба тив”, “Цомбон туурайтай хүрэн” зэрэг халх дуу дуулдаг байжээ. Ялангуяа, “Замба тив” гэдэг дуу 1960-аад оноос хойш дуулагдахаа больжээ. Мөн энэ нутагт Бямба, Должин, Нямжав, Доржханд, Долгорсүрэн, Пүрэв зэрэг дархад дууны төлөөлөгчид амьдарч байжээ. Л.Хөхчулуу гуай хэд хэдэн урт гэгэлгэн аятай дуу дуулсан бөгөөд тэдгээр дуунууд нь бүгд ойролцоо нэг хэв маягийн аялгуутай ажээ. Мөн энэ нутагт Шарнууд овогтой Хандын Дамдинжав гуай түүнийг багад хөгшчүүд “Хуур магнай” гэдэг уртын дуу дуулдаг байсныг дурдах ажээ.     

            Улаан-Уул орчмын дархад уртын дууны төлөөлөгч нь Жамъянсономын Рагчаа гуай юм. Тэрээр “Нэрстэй хүрэн тайга”, “Түрэйтэй сэрүүн гялаад хангай”, “Түлсэн галаа унтраахгүй” гэсэн хэдэн дууг дуулж танилцуулсан билээ. Үүнээс “Түлсэн галаа унтраахгүй” гэдэг дуу нь түүний өвөг дээдсийн зохиосон дуу гэнэ. Дууны аялгууны хэлбэрийг нь Рэнчинлхүмбийнхтэй харьцуулбал огцом цавчим “цоройлт” багатай, тэнэгэр өргөн, баялаг хийцтэй юм. Үүгээрээ дархадын бусад нутгийн уртын дууны аялгуунаас ялгарч байна.

            Рэнчинлхүмбэ орчмын дархад уртын дууны гол төлөөлөгчөөр Цагаан хуулар овгийн Намдагийн Баасанжав билээ. Уг нутагт Жумрай хэмээх хочтой Базар гэдэг гайхалтай дуучин байжээ. Н.Баасанжав “Товог уулын дуу”, “Зөөлөн уулын дуу” зэрэг нутаг усны нэр заасан 2 дуу дуулж танилцуулсан. Түүний мэдээлснээр тухайн нутагт “Өндөр цаст” гэдэг овоо тахилгын дуу байжээ. Бодоход энэ “Өндөр цаст” хэмээх дуу эрт цагт бусад уртын дууны төрөл адил “задын дуу”, “лусын дуу”, “хурын дуу” гэж нэрлэгдэж байснаа цагийн аясаар овоо тахилгын дуу хэмээн дуудагдах болсон бололтой. Рэнчинлхүмбийн дархад уртын дууны төрөл нь Баянзүрх, Улаан-Уулынхаас аялгуугаараа ялгаатай юм. Тэдний уртын дууны өвд цаатан үндэстний ой тайгын уриа дуудлагын шинж нөлөө эрт цагаас нааш туссаар ирснийг дууны аялгуу, дуулах дэг барил, арга техникээс нь мэдэж болох юм.

00:00

Stopped

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын малчин Л.Хөхчулуу
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.