БАЯНБАРААТ АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Уг төрлийн аялгуу, дэг барил нь хуучин халхын Түшээт хан аймгийн нутаг дэвсгэрийн төв хэсгийг хамардаг билээ. Өнөөгийн Төв аймгийн Мөнгөнморьт сумаас баруун урагшаа Дунговь аймгийн Дэрэн сумын баруун хэсэг хүртэл; мөн Дунговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумаас баруун хойш чиглэн Булган аймгийн Дашинчилэн хүртэл баян бараат аялгуу, барил өргөн тархалттай байжээ. Энэ аялгуу, дэг барилын нэрт төлөөлөгчидтэй алдар уртын дуучин, судлаач М.Дугаржав уулзаж, судалгаа шинжилгээгээ хийж, зохиол бүтээлээ туурьвиж байсан тухай түүний шавь Ж.Дорждагва дурссан билээ.

            Баянбараат аялгуу, дэг сургуулийг залгамжлан дэлгэрүүлсэн олон гарамгай дуучид байжээ. Тодруубал, шархайн Мөрцэрэн, Цэрэн, жирэн Дамдин, тэхүүн Гончиг, Сэрээтэр тайж г.м олон дуучдыг өдгөө ч нутгийнхан нь дурссаар байна. Тэдний залгамж болсон алдарт уртын дуучин Ц. Төмөрөөс нааш П.Ёндонпэрэнлээ, Д.Адзана, Ц.Чунаг, Ц.Хэнмэдэх зэрэг өвлөн залгамжлагчдын дуулсан олон дуунаас баянбараат аялгуу, дэг сургууль, арга техникийн жинхэнэ төрхийг бид мэдэж авч байна.

            Баянбараат аялгуу, дэг сургууль нь төвх халх, боржигины нэгэн адил өнөөгийн тэнхмийн мэргэжлийн сургалтанд Ж.Дорждагва зэрэг ухаан сийрэг, боловсрол өндөртэй уртын дуучдаар дамжин нөлөөлсөн билээ.

            Баянбараат аялгуу, барилаар "Хуур магнай" (Авралын дээд), "Түмний эх", "Замбуу тив", "Очирдарь лам", "Ялгуулсан эрхт", "Тэгш таван хүсэл", "Дөмөн", "Сэнсийн цагаан үүл, "Хольч мор", "Энх мэндийн баяр", "Өнчин цагаан ботго" г.м олон дуу бидний үед уламжлагджээ.

            Баянбараат аялгуу, дэг сургууль нь эрт цагийн шасдир, гүр зэрэг буддын шашны дуун ухаанаас ундрага аван бие дааж хөгжсөн төрөл юм. Тиймээс баянбараат уртын дууг дуулахад шашны үглэл хэллэг, гурссан аялга; амьсгал болон өрцний булчингийн хүчирхэг түрэлттэй цээжний хөндийн цохилго, хугалаа, нугалаа, дан, давхар шуранхай; төвөнх хоолой болон хөөмэйн хөндий хосолсон авиажуулга-эгшиг томолт зэргээс гадна бясалгалын үр дүнд үүсдэг хэлний угийн олон зөөлөн эгшиг авиа ундран гардаг юм. Энэ бүх онцгой ур чадвар техникийг эзэмшиж чадвал баянбараат аялгуугаар дуулах нөхцөл бүрддэг болой.

00:00

Stopped

Дундговь аймгийн Адаацаг сумын өндөр настан, лам П.Ёндонпэрэнлээ
  • Дундговь аймгийн Адаацаг сумын өндөр настан, лам П.Ёндонпэрэнлээ
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.