ХЭРЛЭНГИЙН БАРГА АЯЛГУУ

Монгол улсын Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд барга нар бөөндүү сууж байна. 1940-өөд оны дундуур нийгмийн шалтгаанаар өнөөгийн Хятад улсын Өвөр монголын нутгаас ойн ирсэн баргууд хавар, намар, зуны улирлын бэлчээрээ ихэвчлэн Хэрлэн голын тохой, хөвөөгөөр төвлөн нутагласаар иржээ. Тэдний уртын дууны өв нь хачин ихээр бүдгэрчээ. Тиймээс өвөр монголын Хөлөнбуйрын барга уртын дуунаас Монгол улс дахь Хэрлэнгийн барга дуу уртын дууны шинж тэмдэг нь илүү бүдгэрсэн байна. Нэг үгээр хэлбэл, умард монголын буриад, тува нарын уртын дууны адил устах эрсдэлд шилжжээ. Уламжлан авч хөгжүүлж буй залуу үе байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэдний урт аялгуут дууны өнөөгийн гол төлөөлөгч нь Еншөөбүү овогт Сэвжингийн Дарийм (1956 онд төрсөн) билээ. Энэ нутагт С.Дариймийг бага ахуйд Дарьхи, Хорлоо, Чулуун, Дамбын Адъяа зэрэг олон сайн дуучид байжээ. Тэд "Могой шинжийн орогшуун" (түүхэн дуу), "Хөөрхөн халиун", "Үзүүр жиргээ", "Ширээ нуур", "Манатын хөдний" г.м урт аялгуут дуу дуулдаг байсан бөгөөд "Найман туурга", "Сартай шөнө", "Алтайн хангайн даваа" зэрэг богино аят, хурдан хэмнэлт дуу дуулж байсан нь С.Дариймд залгамжлагджээ.

00:00

Stopped

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин, дуучин С.Дарийм
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.