АЛАШАА АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Алашаа уртын дуу нь торгууд, хошууд, халх, хөөбөр (хөөбөр гэж Цагаадайн удмынхан) гэсэн салбаруудаас бүрджээ. Торууд, хошуудын уртын дуу нь ойрад монголчуудын уртын дуутай төстэй бол хөөбөр уртын дууны аялгуунаас зүүн түрэгүүдийн дуу хөгжмийн аялга мэдрэгдэх аж. Учир нь хөөбөр нар мусалмань шашинтай цөөхөн монголчууд юм. Гэвч хөөбөр нарын уртын дууны зүй тогтлоос халх, ойрадын уртын дууны суурь зарчим мэдэгддэг билээ.

            Алашаа халхчуудад бусад халхчуудын адил "12 айзам", "32 шасдир" урын дууны уламжлалт байжээ. Харин одоо тэд заримыг нь дуулж, зонхилох хэсгийг нь мартжээ. тэдэнд "Ялгагсан эрхт", "Тэнгэрийн агаар", "Тэгш таван хүсэл", "Номун хан" зэрэг шасдир дууны шүлэг тэмдэглэгдэн үлжээ. Харин "Сэрүүн сайхан хангай", "Дэлгэр сайхан зуны сар", "Богд нь уулын сүндэл", "Хөвлөг хангайн бараа", "Артан богдын шил", "Хээрхэн халтар" г.м айзам дуу өвлөгджээ. Тэд "Хурмаст тэнгэр" хэмээх дууг бас дуулж байна. Алашаа халхчуудын уртын дууны аялгуу нь хумигдаж дан, давхар шуранхай нь бүдгэрч байгаа нь сонсоход илт ажиглагдана. Угтаа энэ төрлийн дуу нь өнөөгийн халхын баруун аймгийн аялгуу, барил сургуулийн нэг хэсэг билээ.

            Алашаачуудад нэгэн өвөрмөц дуу байгаа нь "Үрсийн дуу" буюу "Өнө өргөн алашаа" мөн аж. Энэ дууг ихэвчлэн хошууд торгууд нар дуулж дэлгэрүүлсэн бөгөөд эрт цагт тэрхүү үрсийн дууны эх сурвалж "Үрсийн найр" гэгчийг Дөрвөд Далай ханы нутагт Хасарын удмын хошууд нар үйлддэг байжээ.

            Хөөбөр аялгуу, барилаар "Алтай Хангай", "Зуны зуслан" г.м цөөнгүй дуу хадгалагджээ. Алашчууд уртын дууны өв сан, төрөл зүйлээр элбэг юм.

            Алашаа торгууд, хошууд нарын уртын дууны өнөөгийн гол өв сан нь шасдир дуу болой. Тэрхүү багцад "Өнө өргөн Алашаа"-гаас гадна "Үлэмж буян", "Арван цагаан буян", "Шажин төр", "Найман арслант" зэрэг дуунууд байна. Алашаа аялгууны нэрт төлөөлөгч алдарт дуучин Лу.Бадамаа мөн билээ. Түүнээс гадна Насанхүү, Цэцэнбилэг, Мөнхбаяр зэрэг олон арван уртын дуучид алашаа аялгуу, дэг барилаа залгамжисаар байна.

00:00

Stopped

Зүүн хошууны Г.Цэцэнбилэг
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.