ОРДОС АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Ордос уртын дууны өв нь Хятад улсын ӨМ-ын ӨЗО-ны Ордос дахь "Үйшин", "Хангина", "Отгийн өмнөд", "Эзэн хороо" хошуунд хадгалагдаж байна. Ордосчуудын уртын дууны зонхилох хэсгийг "Гүр дуу"-ны өв бүрдүүлжээ.

            Тэдэнд "13 гүр дуу", "Төрийн 5 дуу" гэсэн төрөл өнөө хүртэл уламжлагдсан юм. Ордос уртын дуу анхандаа бөө мөргөлт олон угсаатны дуу байснаа уусалцан нэгдээд тахилга тайлгын уриа дуудлагын ая аялгууны зонхилох хэлбэрт шилжжээ. Улмаар түүхийн явцад халхын буддын шашны гүр дууны өв нөлөөлж өнөөгийн ордос уртын дуу бүрэлдэн тогтжээ.

            Уртын дууны бусад төрлөөс ордос уртын дуу нь олон зүйлийн хөгжмийн зэмсэгтэй дуулж болдог билээ. Учир нь ордосчуудын гүр дуу нь халхчуудын гүр дууг бодвол илүү богино аялгуутай юм. Хоолойн өндөр чалхыг дуучнаас шаарддаг бөгөөд төвөнх хоолойн богино цохилго, цохилтуудыг ордос дуучны дуулалтаас тод сонсож болно.

            Ордосчууд өвөг дээсээсээ гүр дууны арвин өвийг залгамжилсан бөгөөд өнөө үед С.Алтанцэцэг, Насанбаяр, Отгон, Мөнхбаяр, Лянхуа, Халзан, Буян-Өлзий, Одонхуар, Суваади, Цагаан дун, Сэржий-Рага зэрэг олон арван дуучид ордос дуугаа хадгалан дэлгэрүүлж, залуу үедээ дамжуулж байна.

            Ордос уртын дууг сонсоход юуны түрүүнд Хангинын талын зэрэглээ, зан үйлийн тахилга тайлгын тэнгэр өөд цамнан цоройж янгинасан хүсэл тэмүүлэл бүхий эгшиг авиа сонсогдоно. Дуучны хоолойн дундаас дээш чалхад амаа ангайсхийж, хэлээ татасхийн тагнайгаа өргөж, гуурсан хоолойн агаарын даралтыг өрцний савхан булчингийн хүчээр аажуухан бус аргаар түлхэж дуулах ур чадварт суралцвал ордос дууг дуулах боломж нээгдэх болно.

            Ордос уртын дууны урын санд "Эзэн богдын хоёр загал" (Зээргэнэтийн шил дууны ордос хувилбар), "Эрхэм гурван эрдэнэ", "Найман гуна арслант", "Жаран хайлаас", "Баяр магнайн шил", "Лам гурван эрдэнэ", "Базардарь" зэрэг олон гүр дуу багтаж байна.

00:00

Stopped

Отгийн өмнөд хошууны дуучин Одонхуар
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.