ШАСДИР ДУУ

Энэ төрлийн уртын дуу нь монгол буддын шашны хурал номын ая дан, бичиг соёлын дууны нэг төрөл билээ. Шасдир уртын дуу нь нийт монголчуудын хүрээнд үүсч хөгжөөд олон зуун жил болохдоо аж амьдрал, оюун санаа, урлахуйн ухаан, ур чадварт нь гүн баттай шингэж, уламжлалт уртын дууны томоохон төрөл болжээ. Мөн язгуурын айзам уртын дууны хөгжилд нөлөөлж, түүнтэй олон талаараа холилджээ. Шасдир, зарим нутагт үйзэн дуу гэгдэх энэхүү уламжлалт уртын дууны төрөл ихэвчлэн 32, 33 гэсэн тооны бэлгэдэлтэй холбоотойгоор хөгжжээ.

Энэ төрлийн уртын дуу нь Монголын Их Юань гүрний үеэс хойших түүхийн орон зайд үүсч хөгжсөн болов уу. Ялангуяа, 1572 онд Хутагтай сэцэн хун тайжийн зохиосон нэгэн хууль [Бира, 2017. 97-101]-ийн эрх зүй хүчтэй бэхжиж, богино хугацаанд өргөн дэлгэрсэнтэй холбоотойгоор монголчуудын буддын шашны зан үйлийн гучинхоёр, гучингурван шасдир уртын дуу үүсч хөгжих нөхцөл бүрдсэн баймаар бодогдоно. Шасдир дуу айзам дууны адил монгол үндэстний угсаатны бүлгүүдэд өргөн дэлгэрч байсан нь судалгаагаар мэдэгддэг. Энэ төрлийн уртын дууг нутаг нутгийн аман уламжлалаар шасдир, шаштөр, шажнаан дуу гэж нэрлэсээр байна.

00:00

Stopped

Шасдир дуу
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.