"Монгол уртын дуу" төсөл

‘Монгол уртын дуу’ төсөл нь НСИСОУХ-ийн 2008-2012 онд гүйцэтгэсэн ‘Уртын дуу, ур чадвар’ судалгааны тайлан болон уртын дуу судлаач М.Дорждагвын уртын дууны судалгааны үр дүнг тоймлон, Уртын дуу сонирхогч хэн бүхэнд хамгийн хүрэлцээтэй дөхөм байдлаар үнэ төлбөргүй, гарын дор хялбар аргаар хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй санал санаачилгын эхний үр дүн юм.

ХХ зууны дунд үеэс үүсэж, эдүгээ нэгэнт нийтлэг болон тогтсон ‘тайзны’ уртын дууны хэв маягийг эс харгалзан, үе дамжин өвлөгдөж ирсэн Монгол угсаатны уртын дууны олон төрөл зүйл нь бүдэгших, залгамж халаа тасалдах, улмаар устах эрсдэлд орж болзошгүй байгаа учир ийнхүүМонгол угсаатны нутаг нутгийн уртын дууны хэв маяг, ая аялгуу, дэг сургууль болон зан үйлийн уртын дууны төрөл зүйлийг товч тайлбарлан, жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй билээ.

"Монгол уртын дуу" гар утасны хөтөч

Манай төслийн багийнхан www.urtynduu.mn вэб хуудаснаас гадна ‘Монгол уртын дуу’ гар утасны хөтөчийг үзэгч, сонсогч та бүхэндээ зориулан гаргаж байна.

Энэ нь Монголын соёлын биет бус өвийн чиглэлээр анхны хөтөч бөгөөд iOs болон Android үйлдлийн системд суулгах боломжтой, Монгол болон Англи хэл дээр уртын дууны товч мэдээллийг жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй хамгийн түгээмэл хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, анхдагч эх сурвалж болж байгаагаараа онцлог юм

"Монгол уртын дуу" төслийг хэрэгжүүлэгчид

http://urtynduu.mn/wp-content/uploads/2020/11/logo227w.png
БИРВАА САН
ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ

ХХ зууны монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, соёл нийгмийн зүтгэлтэн, ахмад дайчин, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн нэрэмжит ‘Бирваа Сан’ нь 2016 онд Монголын соёл урлагийн уламжлалт болон орчин үеийн бүтээлийг дэмжиж, залуу үеийн хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор байгуулагдсан юм.

Бирваа Сан нь уран бүтээлчийн өвийг шинжлэн судалж, түгээн дэлгэрүүлэхээс гадна түүний Монгол өв соёлоо хадгалан хамгаалах, өвлөн уламжлахад гойд анхааран, ихээхэн хүч чармайлт, сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байсныг залгамжлан үргэлжлүүлэхийг эрмэлздэг.

Бирваа Сан нь эрхэм зорилгоо биелүүлэхдээ түүх соёлын өв уламжлал болон орчин үеийн урлагаар дамжуулан хүүхэд залуучуудын төлөвшил болон нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ба монгол үндэстний түүх, уламжлалт соёл урлаг, өв уламжлалаараа бахархдаг, үндэсний ухамсартай, эх оронч, бүтээлч, өв тэгш хүмүүжилтэй хүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилтыг баримтлан ажилладаг билээ.

http://urtynduu.mn/wp-content/uploads/2020/11/sad227.png
Швейцарийн Хөгжлийн Агентлаг
ТӨСЛИЙН САНХҮҮЖҮҮЛЭГЧ

Швейцарийн хөгжлийн агентлаг нь 2004 онд Улаанбаатар хотод анх нээгдсэнээс хойш Монгол улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын хөдөө аж ахуй, эдийн засаг, уул уурхай, засаглал зэрэг  ижд чухал салбаруудад олон төслийг хэрэгжүүлж ирсний зэрэгцээ Монголын соёл урлагийн салбарт тогтмол тэтгэлэг, санхүүжилт олгон, дэмжин ажиллаж ирсэн билээ.

Энэ удаад ч ‘Бирваа Сан’-гаас санаачлан хэрэгжүүлж буй ‘Монгол уртын дуу’ гар утасны хөтөч болон www.urtynduu.mn вэб хуудсыг бүтээх төслийг ШХА санхүүжүүлж та бүхний гарт хүргэж байгаа болно.

Энэ төслийн үр дүнд Монгол ардын уртын дууны угсаатны уртын дууны бүлэг, хэв маяг, дэг барил болон зан үйлийн уртын дууны уламжлалын төрөл зүйлийг бүрт нь товч тодорхойлолт, жишээ ая аялгууны хамтаар багтаасан вэб хуудас болон гар утасны хөтөчийг монгол, англи хэл дээр, мөн  iOS болон Андройд утсанд татаж суулгах горимтойгоор бүтээлээ.

Энэхүү соёлын биет бус өвийг орчин үеийн мэдээлэл, технологийн ололттой хослуулан олон нийтэд хүргэх төслийг дэмжин санхүүжүүлсэн ШХА-т гүн талархлаа илэрхийлье.

http://urtynduu.mn/wp-content/uploads/2020/11/OTSP-logo227w.png
Өү Ти Солюшн Провайдер ХХК
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ

‘ОТ Солюшн Провайдер’ ХХК нь компьютер технологи, софтвэйр программчлалын компани бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтад хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү ‘Монгол уртын дуу’ гар утасны хөтөч болон www.urtynduu.mn вэб хуудсыг бүтээсэн болно.

Энэ нь Монголын соёлын биет бус өвийн чиглэлээр анхны хөтөч бөгөөд хамгийн түгээмэл хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, анхдагч эх сурвалж болж байгаагаараа онцлог юм. ‘ОТ СП’ ХХК нь цаашид уг гар утасны хөтөч болон вэб хуудсын хэвийн ажиллагааг хангах, баяжуулан шинэчлэхэд ‘Бирваа Сан’-тай хамтран ажиллах юм.

http://urtynduu.mn/wp-content/uploads/2020/11/logo_IISNC227.png
НСИСОУХ
ТӨСЛИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН

Монгол ардын уртын дууг Хүн төрөлхтөний Соёлын аман болон биет бус өвд бүртгүүлж дэлхийн өвөөр тунхагласантай холбогдуулан,  2008-2012 онд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (НСИСОУХ)-гээс анх удаа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутагт амьдарч байгаа монголчуудын дунд уртын дууны хээрийн шинжилгээний анги ажиллуулан судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлж, тандалт судалгаа хийсэн юм.

НСИСОУХ-ээс хэрэгжүүлсэн энэхүү ‘Монгол уртын дуу, ур чадвар’ Монгол ардын уртын дууны өвийг судлах төслийг 2008-2012 онд хэрэгжүүлэхэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын 40 гаруй эрдэмтэн судлаач, зураглаач ажиллаж, 8 удаагийн судалгаагаар 40,000км зам туулан, 300 орчим уртын дуучдыг сурвалжилж Монгол туургатан улсуудын уртын дуучдын бүртгэл мэдээллийн болон уртын дууны дуу, дүрс бичлэгийн мэдээллийн сангийн эх суурийг тавьж байжээ.

Эдүгээ 2020 оныг хүртэл тасралтгүй явуулсаар байгаа энэ судалгаа одоогоор нийт 60.000 орчим км зам туулж нутаг нутгийн уртын дууг өвлөн тээгч 12-90 насны 600 орчим уртын дуучдыг сурвалжилж, 300 гаруй цагийн дүрс бичлэг бичиж, давхардсан тоогоор 800 шахам уртын дууны хувилбар аяыг тэмдэглэн авсан байна.

© 2019-2021. Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.

Scroll Up