Судлаачийн үг

Уртын дуучин, уртын дуу судлаач М.Дорждагва

Монгол уртын дуу нь нэн эртний уг гарвалтай учир  Азийн өргөн уудам нутагт тархсан монгол угсаатны бүлэг бүрт олон төрөл зүйлээр хадгалагджээ. Уртын дуу монголчуудын өдөр тутмын аж ахуй амьдралаас өгсүүлээд төрт ёс, шашин шүтлэг, зан үйл хүртэл асар өргөн цар хүрээнд хэрэглэгдсээр иржээ.  Тиймээс уртын дуу нь:

            -Төрийн дуу;

            -Айзам дуу (айзан, айдам, айдон);

            -Шасдир дуу (үйзэн);

            -Гүр дуу;

            -Цоор дуу;

            -Аж байдлын дуу (бэсрэг, шавшаа, гэгэлгэн) гэсэн ерөнхий төрлүүдэд хуваагдан хөгжиж, өнөө үед уламжлагдсныг монгол туургатны хэмжээнд бодитоор харж болно.     

Монгол уртын дуу: Монгол Улсын нутаг дэвсгэр бүхлээрээ; ОХУ-ын Буриад, Халимаг, Тува; БНХАУ-ын Өвөр монголын ихэнх нутаг, Шинжианы Ховог Сайр, Бор талын торгууд монголчууд, Цинхай буюу Хөх нуурын дээд монголчууд, Цастын монголчуудад их, бага хэмжээгээр тархан хадгалагдсан нь улам бодитой болсоор байна. Үүнийг тархацаар нь авч үзвэл Их газар (Азиевро тив)-ын асар өргөн уудам нутагт монгол уртын дуу амьдарч байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

            Монгол уртын дуу Хүн төрөлхтөний төлөөлөх чанартай соёлын өв болж баталгаажсаны үнэ цэнэ, ач холбогдол нь гэвэл, 

Нэгдүгээрт: уртын дуунд хүмүүний аж амьдрал, сав шим ертөнц, байгаль дэлхийн зүй тогтлыг ухааран танисан олон мянган жилийн туршлага, байгалийг хүндэтгэн харьцах замаар хүн-байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах арвин мэдлэг агуулагдаж байна. 

Хоёрдугаарт: хүний бие сэтгэл, оюун санааны цар хүрээ, дуу хоолойн ур чадварын өвөрмөц арга барил, өгүүлэхүйн эрхтэний нөөцийн өргөн боломжийг нээснээрээ; гуравдугаарт: ард түмний амар амгалан амьдрал, эв найрамдалтай оршин байхын сүлд дуулал болдгоороо онцгой содон, олон төрлийн үр өгөөжтэй урлаг болой.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,
уртын дуу судлаач, уртын дуучин М.Дорждагва

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СУРВАЛЖ
НСИСОУХ эрдэм шижилгээ, судалгааны эх сурвалжууд

НСИСОУХ-ийн ‘Уртын дууны өв, ур дүй’ судалгааны дараахи эх сурвалжуудыг ашиглав:

  1. Дорждагва М., Баттулга Б., ‘Монгол төрийн уртын дуу’ (эрдэм шинжилгээний хялбаршуулсан тайлбарт CD цомог). УБ., 2012.
  2. Дорждагва.М. ‘Монгол уртын дуу, түүнийг өвлөгчид’. УБ., 2013.
  3. Дорждагва. М. ‘Зүүн монголын дарьганга, үзэмчин, хатагин уртын дууны өв’ (эрдэм шинжилгээний тайлан). НСИСОУХ., 2014.
  4. Дорждагва. М. ‘Умардын буриад, тува монголын урт дууны өв’ (эрдэм шинжилгээний тайлан). НСИСОУХ., 2015.
  5. Дорждагва.М. ‘Ойрад монголчуудын уртын дуу, зан үйл, өвлөгчид’. УБ., 2016.
  6. Дорждагва.М. ‘Халх монголчуудын уртын дуу, зан үйл-I’. УБ., 2018.
  7. Дорждагва.М. ‘Дээд монголчуудын уртын дууны өв'(Шинжлэх Ухааны Грантын тайлан). НСИСОУХ., 2018.
  8. Дорждагва. М. ‘Өвөр монголчуудын уртын дууны өв’. УБ., 2019.
  9. Дорждагва. М. ‘Хэрлэнгийн барга уртын дууны өв’ (эрдэм шинжилгээний тайлан). НСИСОУХ., 2019.
ТӨСЛИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН

Монгол ардын уртын дууг Хүн төрөлхтөний Соёлын аман болон биет бус өвд бүртгүүлж дэлхийн өвөөр тунхагласантай холбогдуулан,  2008-2012 онд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (НСИСОУХ)-гээс анх удаа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутагт амьдарч байгаа монголчуудын дунд уртын дууны хээрийн шинжилгээний анги ажиллуулан судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлж, тандалт судалгаа хийсэн юм.

НСИСОУХ-ээс хэрэгжүүлсэн энэхүү ‘Монгол уртын дуу, ур чадвар’ Монгол ардын уртын дууны өвийг судлах төслийг 2008-2012 онд хэрэгжүүлэхэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын 40 гаруй эрдэмтэн судлаач, зураглаач ажиллаж, 8 удаагийн судалгаагаар 40,000км зам туулан, 300 орчим уртын дуучдыг сурвалжилж Монгол туургатан улсуудын уртын дуучдын бүртгэл мэдээллийн болон уртын дууны дуу, дүрс бичлэгийн мэдээллийн сангийн эх суурийг тавьж байжээ.

Эдүгээ 2020 оныг хүртэл тасралтгүй явуулсаар байгаа энэ судалгаа одоогоор нийт 60.000 орчим км зам туулж нутаг нутгийн уртын дууг өвлөн тээгч 12-90 насны 600 орчим уртын дуучдыг сурвалжилж, 300 гаруй цагийн дүрс бичлэг бичиж, давхардсан тоогоор 800 шахам уртын дууны хувилбар аяыг тэмдэглэн авсан байна.

"Монгол уртын дуу" төслийг хэрэгжүүлэгчид

‘Монгол уртын дуу’ төсөл нь НСИСОУХ-ийн 2008-2012 онд гүйцэтгэсэн ‘Уртын дуу, ур чадвар’ судалгааны тайлан болон уртын дуу судлаач М.Дорждагвын уртын дууны судалгааны үр дүнг тоймлон, Уртын дуу сонирхогч хэн бүхэнд хамгийн хүрэлцээтэй дөхөм байдлаар үнэ төлбөргүй, гарын дор хялбар аргаар хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй санал санаачилгын эхний үр дүн юм.

ХХ зууны дунд үеэс үүсэж, эдүгээ нэгэнт нийтлэг болон тогтсон ‘тайзны’ уртын дууны хэв маягийг эс харгалзан, үе дамжин өвлөгдөж ирсэн Монгол угсаатны уртын дууны олон төрөл зүйл нь бүдэгших, залгамж халаа тасалдах, улмаар устах эрсдэлд орж болзошгүй байгаа учир ийнхүү Монгол угсаатны нутаг нутгийн уртын дууны хэв маяг, ая аялгуу, дэг сургууль болон зан үйлийн уртын дууны төрөл зүйлийг товч тайлбарлан, жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй билээ.

© 2019-2021. Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.

Scroll Up