Буддын шашны ая дангаас бүрдсэн номын уншлага, шашны зан үйлийн дуу. Гүр дуу нь 1766 оноос бүрэлдсэн бөгөөд шасдир уртын дуутай харьцуулбал олон нийтэд өргөн дэлгэрэхээр цаг хугацааны уртыг туулж амжилгүй XX зууны эхэн үетэй золгожээ. Ихэвчлэн сүм хийдийн орчимд үүсч хөгжиж байсан нь тархалтын хамрах хүрээгээрээ мэдэгддэг. Гэвч айзам, шасдир уртын дууны өвд тодорхой хэмжээгээр гүр дуу нөлөөлсөн нь бодит байдлаас харагдаж байна. Жишээ нь бидний сайн мэддэг ‘Дуртмал сайхан’-аас эхлээд олон дуу гүр уртын дуу юм. Гүр дуу нь монгол уртын дууны түүхийн явцад гарч ирсэн бичиг зохиолын дууны төрөл билээ. Нэг онцлог нь гүр дуу зохион бичих арга нь урт аялгуу бүтээхийн сацуу бас богино аялгуутай дуунд зориулагдсан ян-ег, дан-иг гэх бичгийн соёл байжээ. Тиймээс монголчуудад гүр уртын дууны өвөөс гадна олон гүр богино дуу ардын дуу нэрээр уламжлагджээ. Монгол уртын дууны түүхэн хөгжилд тухайн цаг үедээ цоо шинэ ахиц дэвшил авч ирсэн гүр уртын дуу голлон 32, 64, 72, 86 гэсэн тооны бэлгэдэлтэй холбогддог билээ.