Аж байдлын дуу ч гэж нэрлэдэг энэ төрөл ямар нэг зан үйлийн оролцоогүй, төрт ёс, шашин шүтлэгийн зан үйлийн орчинд дуулахыг хориглодог цээрлэх ёсны уртын дуу юм. Хөхнуурын дээд монголчууд ‘нутаг ус, мал сүргийн дуу буюу морин дэл дээрх дуу’, элжигин халхчууд ‘бэсрэг, шавшаа дуу’, хотгойдууд ‘гэгэлгэн дуу’ гэж нэрлэдэг. Нутаг, нутагт цээрийн дууны өв өргөн дэлгэр буй. Жишээ нь, бидний сайн мэдэх ‘Хүрэн толгойн сүүдэр’, ‘Эрдэнэ засгийн унага’ г.м олон арван дуу цээрийн дуу болой. Цээрийн дуунд бусад төрлийн дууны адил тусгайлсан ‘түрлэг’ гэж байхгүй. Түрлэг гэдэг нь тухайн дууны бадаг тус бүрийн дунд тусгай ая, эсвэл дууны төгсгөлийн тойрог аяас залгаж, мөн ямар нэг хүндтэй дууг бүрэн дуулж өндөрлөхөд нийтээрээ түрэн дуулдаг нэг төрлийн дэг, бас ёс, бэлгэдэл билээ.